
Ж. Эрдэнэбат уих-ын гишүүний тангараг өргөлөө
Play all audios:

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө. Сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж
байхад нь цагдан хорьсон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Гэсэн ч түүнийг шүүх
хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон, ЗУРГААН ЖИЛИЙН хорих ял оноосон. Хэдийгээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат давж
заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байдаг. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ж.Эрдэнэбат Улсын Дээд шүүхэд гомдол
гаргасан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, түүнд
оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ПРОКУРОРТ буцаасан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үлдээж шийдвэрлэсэн юм. ------------------------- УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч ӨӨРИЙН БАЙР СУУРИЙГ илэрхийлсэн ба
үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага - Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний
бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиудыг
ноцтой зөрчсөнийг тухайн үед нь Улсын Их Хурлын даргын хувьд мэдэгдэл гаргаж байснаа онцлов. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт
нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн
23.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар
болно гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд
тангараг өргөнө гэж, тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй гэж заасныг дурдаад, Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолыг эхлүүлсэн юм.
Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаарт тойрогт нэр дэвшиж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд
хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авав. Ингээд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг
батлагдсанд тооцлоо.